2021 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Тайван улсын Yung Rung эмнэлгийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Ren-De, Chen, гэмтлийн эмч Jian-Fu, Chen нартай хамтран ГССҮТөвийн НХГСТасгийн эмч Д.Энхтүвшин, Т.Отгонболд, Э.Ниндэвдэмбэрэл, сувилагч П.Жавзандулам, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Хулан нарын бүрэлдэхүүнтэй мэс заслын баг Зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэр хэвтээ урагдалтай үйлчлүүлэгчид дурангийн мэс заслыг анх удаа 5G хурдтай ухаалаг нүдний шил ашиглан алсын зайнаас харилцан ярилцаж, зөвлөлдөж, туршлага солилцон уг мэс заслыг амжилттай хийлээ.
ГССҮТөв нь Тайваны Эмнэлгүүдийн холбоо, Yung Rung эмнэлэгтэй 2016 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш Гэмтэл согогийн 40 гаруй эмч, мэргэжилтнүүдийг Тайвань улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулах, Монгол улсад Тайваны эмч, мэргэжилтнүүд ирж мэс засал, оношлогоо, эмчилгээний шинэ аргуудыг практикт нэвтрүүлэн хамтран ажиллаж, эмч нарыг чадавхижуулж байна. Мөн хүндрэлтэй тохиолдлуудыг Тайвань улсад үнэ төлбөргүй мэс засал эмчилгээ хийж хамтран ажиллаж байна. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор цахимаар сургалт, эрдэм шинжилгээний хурал мөн 5G хурдтай ухаалаг нүдний шилийг ашиглан үйлчлүүлэгчдэд үзлэг, оношлогоо хийж байсан бол энэ удаад мэс засал эмчилгээг маш амжилттай хийж гүйцэтгэсэн нь цахимаар ямар ч оношлогоо эмчилгээ мэс заслыг хийж болох боломжтойг илтгэн харууллаа.