Монголын гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын нийгэмлэгийн ээлжит хурал энэ сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлаар гадаад дотоодын эмч мэргэжилтэн, зочин профессоруудын нийт 15 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд ханын илтгэл, ур чадварын тэмцээний шилдгүүдийг мөн шалгаруулсан байна.
Энэ удаагийн чуулганд БНЭУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зочин профессороос гадна дүүрэг, улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд болон “Топаз”, “Интермэд” эмнэлгээс төлөөлөл оролцож, мэдлэг ур чадвараа сорьсноороо ихээхэн онцлогтой байлаа.
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:
1-р байрт –“Дээд мөчний үйл ажиллагааны алдагдлыг нөхөн сэргээх бичил мэс заслын аргаар сэргээсэн тохиолдлууд” сэдвээр “Топаз” эмнэлгийн эмч Б.Мөнхбат,
2-р байрт –“Бугуйн сувгийн хам шинжийн үед PRP эмчилгээ болон мэс заслын эмчилгээ хийсэн үр дүн” сэдвээр ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч М.Мөнхдэлгэр,
3-р байрт –“Шууны дотор хэсгийн том хэмжээний зөөлөн эдийн дутмагшил бүхий шархыг гуянаас бичил судастай чөлөөт далбан босгож нөхөх, үйл ажиллагааг сэргээх үечилсэн мэс заслын эмнэлзүйн тохиолдол” сэдвээр ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч О.Цэрэндорж нар шалгарч батламж, мөнгөн шагнал гардлаа.
ХАНЫН ИЛТГЭЛ:
1-р байрт –“Гэмтлийн дараах тохойн үе, атгаал ясны дутмагшлыг нийлмэл хиймэл үеэр (мегапротез) солих мэс засал эмчилгээний үр дүн” сэдвээр ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч Ц.Санжаасүрэн,
2-р байрт –“Төрөлхийн нийлмэл хуруун уламжлал (Dorsal rectangular flap) болон арьс нөхөхгүйгээр унжлага үүсгэн нөхөх (hourglass/shaped dorsal flap) мэс заслын аргуудын харьцуулсан үр дүн” сэдвээр ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч Т.Золжаргал,
3-р байрт –“Баруун гарын зөөлөн эдийн дутмагшлийг цавины судсан сурвалжит зөөлөн эдээр нөхөх мэс засал эмчилгээний үр дүн” сэдвээр ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч Э.Ганчимэг нар шалгарч батламж, мөнгөн шагнал гардсан байна.
Түүнчлэн ур чадварын тэмцээнд ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч Ц.Сувд, Г.Сэлэнгэ нар шалгарчээ.