• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ӨӨС “ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ..

    ГССҮТ-ӨӨС “ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ..

    Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

    ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Сэргээн засах эмчилгээний тасаг, Сувилахуйн алба, Эмчилгээний хоол зүйн тасгаас хамтран нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл зөв аргаар илүүдэл жингээ хасах, идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад чиглэсэн “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг төвийн хэмжээнд зохион байгуулж байна.

    Энэ хүрээнд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд биеийн жингийн индекс тодорхойлох, ажлын байрны дасгал хөдөлгөөнд тогтмол хамруулах, илчлэг сайтай амин дэмээр баялаг хоол хүнсний өдөрлөг хийх, таргалалт болон жингийн илүүдэлтэй ажилтнуудад хэрэгцээт зөвлөгөө мэдээллийг хүргэх, ууланд алхах, дугуйн аялал хийх, иргэд олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэрэг олон төрлийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

    Эрүүл мэндийн яамнаас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж буй энэхүү аянаар дамжуулан ГССҮТ-өөс эмч, ажилтнууд төдийгүй иргэд олон нийтэд чиглэсэн “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” зорилтот үйл ажиллагааг ирэх 11 дүгээр сар хүртэл зохион байгуулж ажиллах юм байна.