• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС СЭРГИЙЛЭХ, СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” АЯН ЭХЭЛЛЭЭ...

    ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС СЭРГИЙЛЭХ, СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” АЯН ЭХЭЛЛЭЭ...

    ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн аяныг эхлүүллээ. 
    Энэ оны 06 дугаар сарын 30-наас 08 дугаар сарыг дуустал үргэлжлэх тус аяны нээлт өнөөдөр Налайх дүүрэг болон Төв аймгийн Баянцогт суманд зохион байгуулагдаж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, урлаг соёл, спортын алдартнууд оролцсон юм.  
    Тус аянд уламжлал ёсоор Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран оролцож буй бөгөөд иргэд, олон нийтэд зам тээврийн осол гэмтлийн хор уршиг, учирч болзошгүй эрсдлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх тусламж үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллах юм. 
    Сүүлийн таван жилийн судалгаанаас үзвэл, жилд дунджаар 20.000 орчим хүн зам тээврийн осолд өртсөний улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 500 гаруй хүн амь насаа алдсан үзүүлэлттэй байна. 
    2023 оны эхний таван сарын байдлаар, осол гэмтлийн 81.971 тохиолдол бүртгэгдсэний 9.4  хувь /7691/ нь зам тээврийн ослын шалтгаанаар бэртэж гэмтсэн бол, 147 хүн амь насаа алджээ.  
    Ялангуяа зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын 50-60 хувь нь амралт зугаалгын сар буюу 6, 7, 8, 9 дүгээр сард гарсан байна. 
    Иймд “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аянаар дамжуулан зам тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, дүрмийн талаарх ойлголт мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, бусдын эрх, эд хөрөнгөнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, зөв соёлтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт уриалж байгаа юм.

    • Зочин (103.57.94.42)
      Сэтгэц гутралд орсон хүн осолд өртөх эрсдэлтэй
      2023 оны 12 сарын 19 | Хариулах