Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлан таниулж, “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор иргэдийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, эрүүл мэндийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх, салбарын уялдааг хангах зорилготой “Эрүүл Монгол хүн” үндэсний фестиваль өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Тус фестивалийн нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскала, ЕТГ-ын “Эрүүл Монгол хүн” төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн болон ЭМЯ, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, албаны бусад хүмүүс оролцсон юм.
Энэ өдөр урлаг соёлын оддын тоглолт, спортын 20 төрөлт тэмцээн уралдаан, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, чөлөөт тоглоом, бүх нийтийн дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөгөө, үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтийг өргөн хүрээнд хамруулсан томоохон үйл явдал боллоо.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийн үеэр гар сарвуу, гавал тархи, цээж хэвлий, хүзүү нуруу, түлэнхий, түнхний үе, сэргээн засах чиглэлээр нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо, хэвлийн ЭХО шинжилгээ хийж, биеийн жингийн индекс тодорхойлон, иргэд үйлчлүүлэгчдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмж өгч ажилласан байна.
Эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг ажил, амьдралынхаа өдөр тутмын хэв маягт дадал болгон төлөвшүүлж, иргэд үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийн боловсрол, мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх зорилтот ажлуудыг хэрэгжүүлж буй ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд уг фестивалийн төгсгөлд НЭМҮТ-ийн хамт олонтой цуг “Түмэн” бүх нийтийн дасгал хөдөлгөөнийг хийж, иргэд олон нийтэд эрүүл амьдралын зан үйлд нэгдэхийг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан албаны бусад төлөөлөгчидтэй хамт энэ өдөр спортын тэмцээн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулсан бөгөөд маргааш болох “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 20 хүүхдэд гарын бэлэг өгсөн юм.
Үндэсний хэмжээнд анх удаа өрнүүлж буй “Эрүүл Монгол хүн” фестивалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ЭМЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, Биеийн тамир, спортын улсын хороо болон мэргэжлийн холбоод, ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгуулсан байна.