• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ӨӨС ШИНЭ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

    ГССҮТ-ӨӨС ШИНЭ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс энэ онд шинээр ажилд орсон эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад зориулсан ээлжит “Чиглүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа. 
    Тус сургалтаар байгууллагын түүхэн хөгжил, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, шагнал урамшуулал, эмнэлгийн болон сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, ажлын онцлог, эрүүл ахуй, халдвар хамгаалал зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийг хүргэсэн байна. 
    Сургалтын эхэнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах үг хэлэхдээ “Эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагаа, зохион байгуулалт, ажил мэргэжлийн онцлог, дүрэм журам, үүрэг хариуцлагыг шинэ ажилтнууддаа таниулах нь хамгийн чухал. 
    Улсын хэмжээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг үндэсний төв маань үүсгэн байгуулагдаад 64 жил болж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна урлаг, спортын авъяас чадвар, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, шинэ санаачлага, эерэг хандлагаар салбартаа төдийгүй нийгэмд танигдсан манлайлагч хамт олон болж чадсан. 
    Тиймээс энэ байгууллагын эд эс, хөдөлгөгч хүч болсон ажилтан бүр эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг эрхэмлэж “Би” биш “Бид” төвтэй баг, хамт олон болж ажиллах нь зүйтэй. Зөвхөн нэг ажилтны харилцаа хандлага, ёс зүйн зөрчлөөс үүдэн хамт олны хичээл зүтгэл талаар өнгөрөх эрсдэлтэй гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. 
    Хүн амын эрүүл энхийн төлөөх эрхэм үйлсэд хүчин зүтгэж, энэ том хамт олны нэгэн хэсэг болж буй шинэ ажилтан та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье. Итгэлийг зүтгэлээр хариулж, эрүүл мэндийн салбарынхаа хөгжлийн түүчээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

    Энэхүү чиглүүлэх сургалтанд нийт 120 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд урилгаар: 

    • Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудлын талаар”, 
    • Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “2024-2027 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”, 
    • Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарын талаар”, 
    • Эрх зүйч, хүний эрхийн сургагч багш А.Амаржаргал “Байгууллагын соёл ба харилцаа хандлага”, 
    • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Энхцацрал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, 
    • Сэргээн засах эмчилгээний тасгийн сэтгэл зүйч Л.Мягмарсүрэн “”Эмч, эмнэлгийн мэргэжилтний сэтгэл зүй”, 
    • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга Б.Бат-Оргил “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар”, 
    • Санхүү бүртгэлийн албаны цалингийн нягтлан бодогч О.Нэргүй “Цалин урамшуулал, хангамж, хөнгөлөлт”, 
    • Халдварын сэргийлэлт, хяналтын албаны дарга Т.Сүхболд “Эрүүл мэндийн ажилтны баримтлах халдвар хамгааллын дэглэм”, 
    • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны дарга Б.Батзаяа “Эмнэлгийн тоног төхөөрөмжтэй аюулгүй ажиллах, ашиглах”, 
    • Хүний нөөцийн албаны дарга А.Цэрэндолгор “Байгууллагын хүний нөөц, хөдөлмөрийн дотоод журам” сэдвээр тус, тус сургалт орлоо.