• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГССҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР УЛСЫН АСРАМЖИНД БАЙГАА АХМАДУУДЫГ АСАРЧ СУВИЛАН, СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГЛӨӨ...

    ГССҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР УЛСЫН АСРАМЖИНД БАЙГАА АХМАДУУДЫГ АСАРЧ СУВИЛАН, СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГЛӨӨ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, 8 дугаар хорооны Ахмадын хороотой хамтран энэ сарын 5-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадуудад зориулсан сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. 
    Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү аянаар дамжуулан ГССҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд улсын асрамжинд байгаа 206 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, сувилахуйн тусламж үйлчилгээнд хамруулсан юм.  
    “Ахмад настны үндэсний төв”-ийн асаргаанд буй нийт ахмадын 68 нь хэвтрийн, 112 нь байнгын асаргаа сувилгаа шаардлагатай бөгөөд эдгээр ахмад настанд холголт цооролтоос сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, бариа засал, хувийн ариун цэврийг дэмжих үйлчилгээ (үс угаах, засах), шээлгүүр солих, холголт цооролт болон түлэгдлийн шархтай үйлчлүүлэгчдийн шарханд ариун боолт хийх зэргээр сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ. 
    Түүнчлэн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сэтгэл зүйчийн зөвлөгөөнд хамруулсан бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна ГССҮТ-ийн хамт олноос цугларсан хандиваар дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлс, асаргаа сувилгааны хэрэгслүүдийг гарын бэлэг болгон хүргэсэн байна.
    Ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг арга хэмжээнд ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг тэргүүтэй нийт 136 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцсон юм. 
    ГССҮТ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сайн үйлсийн аянд нэгдэн, дэмжлэг тусламж үзүүлэн хамтран ажилласан БГД-ийн ХХҮХ, 8 дугаар хорооны Ахмадын зөвлөл болон “Ленус мед” ХХК-д талархал илэрхийлье.