Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл ГССҮТ-д ажиллаа

Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл ГССҮТ-д ажиллаа

Огноо: 2019/05/31

Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл ГССҮТ-ийн тохижилт, үйл ажиллагаатай танилцлаа. 2018 онд Гэмтлийн эмнэлэгийн ихэнх тасагт иж бүрэн засвар хийгдсэн хэдийч хүүхдийн гэмтэл согогийн тасаг засвар хийгдээгүй үлдээд байсан юм. 40 ортой Хүүхдийн Гэмтэл Согогийн 2-р тасагт Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжүүлж, орчин үеийн стандартад нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тохижуулан иж бүрэн засвар хийсэн юм.

 

Уг баярт үйл явдалтай зэрэгцэж үндэсний “ТОДИ” живх үйлдвэрлэгч “СҮЛД ШОНХОР” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 телевизор, 5000 хүүхдийн живхийг бэлэглэн цаашид жил бүр ГССҮТөвтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн ЮНИТЕЛ группээс 10 ширхэг HDbox төхөөрөмжийг бүх өрөөнд байршуулж, суурилуулалтыг үнэгүй хийж, суурь хураамжаас чөлөөллөө.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд өөрсдийн хүссэн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзэх, боломжийг олгосон дээрх 2 байгууллагад ГССҮТ-ийн хамт олон болон эцэг эхчүүд баярласнаа илэрхийллээ.

Тус тасагт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд АНУ, ЯПОН, БНСУ, ФРАНЦ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн ахлах болон тэргүүлэх зэрийн эмч нар ажилладаг ба хүүхдийн тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны гэмтлүүд, төрөлхийн болон олдмол согогуудыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан эвийн болон мэс заслын аргаар эмчилж байна.

Мөн салбарын Сайд энэ өдөр тус төвийн Өдрийн эмчилгээний өрөөний үйл ажиллагаатай танилцлаа. Өдрийн эмчилгээний өрөөгөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй боловч биеийн байдлыг ажиглах, жижиг мэс ажилбар хийлгэх, мэс заслын дараах эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай иргэдийг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр