Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Монголд анх удаа өвдөгний үений мөгөөрсөн эдийн гэмтлийн үед дурангийн аргаар мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.

Монголд анх удаа өвдөгний үений мөгөөрсөн эдийн гэмтлийн үед дурангийн аргаар мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.

Огноо: 2020/07/07

ГССҮТөвийн Д.Энхтүвшин ахлагчтай мэс заслын баг МОНГОЛД АНХ УДАА өвдөгний үений мөгөөрсөн эдийн гэмтлийн үед дурангийн аргаар мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал-ыг амжилттай нэвтрүүллээ.

НХГСТ-3 их эмч Д.Энхтүвшин, ЭЭМТ их эмч Ч.Энхтүвшин, ХАЯТТ их эмч Б.Ёндонжунай, ГССҮТөвийн резидент эмч Б.Оргил, НМЗТ сувилагч Б.Жавзандулам, ЭЭМТ сувилагч Д.Оюунчимэг мэс заслын баг хамт олондоо ажлын амжилт хүсье.

Өвдөгний үений мөгөөрсний гэмтэл нь ерөнхий 2 шалтгаанаар үүсдэг: Гэмтлийн болон гэмтлийн бус (Дегенератив). Гэмтлийн бус гаралтай буюу дегенератив өөрчлөлт нь удаан хугацааны туршид элэгдлийн улмаас бий болдог. Харин гэмтлийн шалтгаанаар буюу өвдөгний үеэр хөшигдөх, өндрөөс унах, хүчтэй гишгих гэх мэт механик хүчин зүйлийн нөлөөллөөр цочмог явцтай үүсдэг. Дээрх шалтгаануудын улмаас өвдөгний үений мөгөөрсөн гадаргуу гэмтдэг бөгөөд шинж тэмдэг нь шууд илрэх эсвэл хожуу илэрч болно. Өвдөлт, үений хөшингө байдал үүсэх, тогтворгүй болох, үе гацах гэх мэт шинж тэмдэг илэрч болно.

Манай улсад жижиг хэмжээтэй өвдөгний үений мөгөөрсний гэмтлийн үед зохиомлоор бичил хугарал үүсгэх, PRP болон үүдэл эсийн эмчилгээг ашиглаж байна. Харин энэхүү мэс заслын аргыг нэвтрүүлснээр мөгөөрсний гэмтлийг богино хугацаанд илүү үр дүнтэй эмчлэх боломжийг бий болгож байна. Мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал нь зовиур шаналгааг богино хугацаанд багасгах, том хэмжээний мөгөөрсөн эдийн дутмагшлыг нөхөх, үйл ажиллагааг эрт үед сэргээх, мөгөөрсөн эдийн дутмагшлаас үүсэх хүндрэлээс сэргийлэх, үүнээс улбаатай өвдөгний үений эргэшгүй өөрчлөлт болон үе солих мэс заслын тоог бууруулах ач холбогдолтой.

Одоогоор манай улсад судалгаа хараахан хийгдэж амжаагүй байна. Олон улсад хэвлэгдсэн судалгаанаас харахад богино (1-2 жил) болон урт хугацааны (5-10 жил) үр дүн 72-95%-д нь сайн байна. Сүүлийн жилүүдэд анагаах ухааны салбарт эдийг өөрийн эдээр нөхөх, үүдэл эсийн эмчилгээ зэрэг аргуудыг түлхүү судалж эмчилгээнд нэвтрүүлж байгаагаас энэхүү мэс заслын үр дүнгүүд илүү сайжирч байна.

Мэс засал хийгдэх шалгуур үзүүлэлт:

  • Гэмтлийн шалтгаантай
  • Мөгөөрсөн эдийн дутмагшил 5 см хүртэл
  • 50-с доош настай
  • Донор талбай хангалттай байх

Гарч болох эрсдэл хүндрэлүүд: Шарх болон үений идээт үрэвсэл, гүний вений бөглөрөл, үеэр хөшингө байдал үүсэх мөн ховор тохиолдолд мэс заслын дараах цус алдалт.

Мэс засал эмчилгээний дараах эхний 2 долоо хоногийн хугацаанд өвдөгний үеэр ачаалал авахыг хориглоно. 2-4 долоо хоногийн хугацаанд таягтай биеийн жингийн 50%-тай тэнцэх ачаалал авч болно. 4 долоо хоногийн дараагаар биеийн жингээр бүрэн ачаалал өгөх боломжтой. Энэ хугацаанд физик эмчилгээ болон хөдөлгөөн засал эмчилгээний зааврыг сайтар мөрдөх хэрэгтэй.

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр