Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Машинд мөргүүлсэн охины бие харьцангуй тогтвортой, шарх эдгэрэх шатанд орсон учир эмнэлгээс гаргасан"

"Машинд мөргүүлсэн охины бие харьцангуй тогтвортой, шарх эдгэрэх шатанд орсон учир эмнэлгээс гаргасан"

Огноо: 2022/11/01

 

Долоон авто машин угсруулан дайрч, хоёр хүүхэд мөргөсөн ноцтой ослын хохирогч 12 настай С охиныг Гэмтэл, согог судлалын төвд хэвтүүлэн эмчлээд, өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гаргажээ. Охины биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяагаас тодрууллаа.

-Авто осолд орсон хүүхэд эмнэлэгт анх ямар байдалтай ирсэн бэ?
-Авто осолд орсон 12 настай охин С ГССҮТ-д хүргэгдэн ирж, хэвтэн эмчлүүлсэн. Манай Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ирээд Хүүхдийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Энэ тасагт биеийн байдал тогтвортой, дунд зэргийн хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.

Хүүхдийн баруун өвдөгний гадна гадаргууд зүсэгдсэн шархтай, шилбэний гадаргууд зулгарсан байсан. Зүсэгдсэн шархыг мэс заслын журмаар угааж цэвэрлэн, оёдол тавьсан. Энгийн тасагт хэвтэж байхдаа эмийн болон боолт эмчилгээ хийлгэсэн. Боолт хийх явцдаа шархны явцыг ажиглаад, хүүхдийн бие харьцангуй тогтвортой, шарх эдгэрэх шатанд орсон учир өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гаргаж, дүүргийн эмнэлгийн хяналтад шилжүүлсэн.

-Ослын үеийн бичлэгээс хүүхэд маш хүнд гэмтэл авсан мэт харагдсан. Яагаад ийм хурдан эмнэлгээс гаргав. Охин эмнэлэгт хэд хоног хэвтсэн бэ?
-17-18 орчим хоног хэвтэн зохих стандарт эмчилгээг хийлгэсэн. Бичлэгээс хүүхэд хүнд гэмтсэн байж болзошгүй харагдсан. Үүнд иргэд санаа зовох нь аргагүй. Гэхдээ шаардлагатай бүх нарийн оношилгоог хийсний дараа хүүхдийн бие харьцангуй тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмчлүүлэх түвшинд байсан нь үнэхээр сайн мэдээ. Эмч мэргэжилтнүүд бид ч хүүхдийн биед санаа зовж байсан. Эрүүл мэндийн байгууллагынхан бид тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй, оновчтой хийх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд эмчилгээ хийгээд эмнэлгээс гаргасан.

-Хүүхдийн хөлд нэлээд том шарх үүссэн гэрэл зураг харагдсан. Энэ шархыг эмчлэхэд ямар хугацаа орох вэ, “Урт хугацааны эмчилгээ шаардлагатай” гэж аав нь ярьсан байна?
-Шархыг эмийн болон боолт эмчилгээтэй хавсарч эмчилнэ. Эмийн эмчилгээ нь үрэвсэл дарах, дархлаа дэмжих, халдвараас сэргийлэх үйлдэлтэй.  Боолт эмчилгээгээр шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилготой. Хүүхдийн биеийн байдал болон шархны явцыг ажиглаж байгаад эмнэлгээс гаргасан. Насанд хүрэгчдийг бодвол хүүхдийн цусан хангамж сайн, нөхөн төлжилт хурдацтай явагддаг онцлогтой учир эдгэрэлт хурдан байдаг. Тухайн үйлчлүүлэгч эмнэлгээс гарснаас хойш манай төв эмнэлгийн амбулаторийн тасгийн хүүхдийн гэмтлийн эмчид үзүүлэн хянагдаж байгаа. 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүүхдийг хоёр удаа “хөнгөн гэмтсэн” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ дүгнэлттэй гэмтлийн мэргэжлийн эмч нар санал нийлж байгаа юу?
-Хүүхдийн гэмтлийн зэргийг манай эмнэлэг тогтоохгүй, ШШҮХ тогтоодог. Бид гэмтсэн өвчтөнийхөө эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө тусламж үйлчилгээг оновчтой шуурхай үзүүлэх үүргийнхээ дагуу ажилласан.

-Маш ноцтой осолд орсон хүүхэд сэтгэлзүйн хувьд бас том гэмтэл авдаг байх. Сэтгэл зүйн тал дээр нарийн мэргэжлийн тусламж авах шаардлагатай юу?
-Ослын улмаас хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүн ч цочирдолд орохыг үгүйсгэхгүй. Тиймээс ГССҮТ-д  сэтгэл судлаач ажилладаг. Охиныг сэтгэл судлаач эмч үзэж, уулзаж байсан. Гэмтлийн эмч нар ч тусламж үзүүлэхийн зэрэгцээ өвчтөнөө сэтгэл зүйн хувьд өргөж, дэмжиж, сэтгэл зүйн тусламж давхар үзүүлдэг.

-Охин эмнэлгээс хөл дээрээ босож, өөрөө алхаж гарсан уу?
-Хүүхэд эмнэлгээс гарсан. Сайжрах шатандаа орсон учир эмнэлгээс гаргасан. Ямар ч гэмтэл өргөс авсан мэт шууд эдгэрнэ гэж байхгүй.

-Охины ар гэрийнхэн анх хүүхдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөхийг зөвшөөрөхгүй байсан. Тэр үед аав, ээж нь буруутай этгээдээс мөнгө авсан учир чимээгүй боллоо гэж яригдаж байсан. Энэ талаар танд мэдэх зүйл байна уу?
-Энэ талаар мэдэхгүй. Мэдэх шаардлага ч байхгүй, бид өвчтөнөө эмчлэх л үүрэгтэй гэлээ. 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр