ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ, СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА

Орон нутагт гэмтэл согогийн үеийн эмнэлгийн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах, үйлчилгээг иргэдэд ойртуулах, сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулан, сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилгоор ГССҮТөв санаачилан Эрүүл мэндийн яам болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ” төслийг хэрэгжүүлж байна.

ГССҮТөвийн яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 13,5 хувь, хэвтэн эмчлүүлэгсдийн 36,3 хувь нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ийнхүү хөдөө орон нутгаас гэмтэл согогийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдэд ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, эмчилгээний орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж орон нутгаас ирж үйлчилгээ авч буй иргэдийн урсгалыг бууруулж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх нь төслийн үндэслэл болно.

Тус төслийн нээлт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын төв талбайд эхэллээ. Нээлтэнд Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл, ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун нар болон бусад албаныхан оролцлоо.

2019 оны 1 сараас 2019 оны 6 сар хүртэлх хугацаанд 5 хүний бүрэлдэхүүнтэй 6 баг, баг бүр 1 сарын хугацаатай нийт 30 эмч ажиллана.

Төслийн үр дүн эхнээсээ гарч байна. 1, 2-р баг ээлжээр явж  Өвөрхангай аймгийн БОЭТөвд ажилласан бөгөөд амбулаториор 850 үзлэг, 57 хагалгаа, Сумдад /Богд, Гучин-ус, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан / - 4 суманд нийт 486 хүнд газар дээр рентген зураг авч оношлогоо хийж, зөвөлгөө өгсөн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж гэмтлийг цаг алдалгүй оношлож, эмчлэх боломжтой болж, хэд хэдэн хүнд өвдөгний үeний мэс заслыг амжилттай хийжээ.

Posted in Мэдээлэл