• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • “ГЭМТЛИЙН ШАЛТГААНТ ТОЛГОЙН МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО...

    “ГЭМТЛИЙН ШАЛТГААНТ ТОЛГОЙН МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО...

    “Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо”-ноос өнгөрөгч бямба гарагт  “Гэмтлийн шалтгаант толгойн мэс заслын өнөөгийн байдал” сэдэвт онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
    Нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болох толгойн мэс засал, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг хамруулсан тус бага хурлыг нээж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Э.Галбадрах үг хэлсэн юм. 
    Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүний гавьяат эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор А.Нота болон Сүхбаатарын одонт, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Гавал тархи, нуруу нугасны зөвлөх эмч, клиникийн профессор Ө.Хашхүү нар салбарын түүхэн замнал, толгойн мэс заслын оношилгоо эмчилгээний хөгжил, дэвшилтэт арга технологиудын талаар сонирхолтой баримт мэдээлэл, дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа. 

    Нийт гурван хэсгээс бүрдэх онол практикийн бага хурлын #ОНОШИЛГОО хэсэгт: 
    УГТЭ-ийн Нейрофизиологийн төвийн эмч Н.Лхамцоо “Захын мэдрэлийн оношилгоо: Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг”, 
    ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн Чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын эмч Ж.Төгөлдөр Чамархай ясны гэмтлээс үүдэлтэй нүүрний мэдрэлийн дарагдлын оношилгоо эмчилгээ”, 
    ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн Мэдрэлийн мэс заслын эмч Э.Энхтүвшин “Гавал тархины хүнд гэмтлийн үеийн удирдамж”, 
    “Орбита” эмнэлгийн Нүдний нөхөн сэргээх эмчилгээний эмч Т.Ариунболд “Ухархайн хугаралд материал эдийн сонголт, оношилгоо эмчилгээний асуудал”.
    #ЭМЧИЛГЭЭ хэсэгт: 
    ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ө.Бямбаринчин “Гавал тархины гэмтлийн үеийн эрчимт эмчилгээний менежмент”, 
    ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн Нүдний мэс заслын эмч Л.Мөнх-Аварга “Нүүрний ясны нийлмэл хугарлын тохиолдлууд”, 
    УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын эмч С.Абай “Эпилепсийн мэс засал эмчилгээ”, 
    Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн мэс заслын эмч Б.Эрдэнэбадрах “Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд тархины гэмтлийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал”, 
    ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн Мэдрэлийн мэс заслын эмч Д.Дашням “Тархины гэмтлийн үеийн яаралтай тусламж”. 
    #НӨХӨН_СЭРГЭЭХ хэсэгт: 
    УХТЭ-ийн Чих хамар, толгой хүзүүний мэс заслын эмч Н.Асралт “Дунгийн суулгацын мэс заслын үр дүн”, 
    ХСҮТ-ийн Толгойн хүзүүний нөхөн сэргээх мэс заслын эмч Э.Өнөболд “Толгой хүзүүний байрлалтай хорт хавдар болон гавал ясны гэмтлийн үед чөлөөт далбан ашиглан нөхөн сэргээсэн нь”, 
    ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн Чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын эмч Ж.Төгөлдөр “Толгойн гэмтлийн үеийн дурангийн мэс заслын зарим үр дүн”, 
    Цэргийн төв эмнэлгийн Толгой, хүзүүний мэс заслын эмч Т.Хангарьд “Галт зэвсгийн улмаас үүссэн эрүүний ясны согогийг тахилзуур ясны далбангаар нөхөн сэргээсэн нь” сэдвээр лекц уншиж, холбогдох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. 
    Энэхүү бага хурлаар толгойн мэс засал, тэр дундаа гавал тархи, мэдрэл, чих хамар хоолойн гэмтлийн үеийн оношилгоо, эмчилгээний арга зүй, олон улсын хөгжлийн чиг хандлага, Монгол Улсад нэвтрүүлсэн дэвшилтэт арга технологи, өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын зорилтын талаар төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар мэдээлэл солилцож, бодит баримтад тулгуурласан оношилгоо эмчилгээний арга туршлагаасаа хуваалцаж, мэдлэг нэмсэн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.